Билэгдэл

Дүүргийн бэлгэ тэмдэг “СҮЛД”-ний тайлбар

1. Сав шим ертөнц, гариг эрхэсийн тогтолцоо мөнхөд үл бүдгэрэх алтан шаргал нарны хэлбэр өнгө бэлэгдлийг төлөөлүүлэн ерөнхий загварыг “дугуй” хэлбэртэй, алтан шаргал дэвсгэр дээр мөнх хөх тэнгэр, агаар мандалын орон зайг сонгон байрлууллаа.

2. Бэлэгдлийн төв хэсгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хэмээн үзэж, мөнх хөх тэнгэрийн толион дээр дөрвөн хүчитний нэг Баян Намсрай бурханы хөлөг, Баянзүрх хайрханы эзэн, хүчит арсланг хатан Туулын хадган цэнхэр өнгөөр товойлгон дүрсэлж эх дэлхий, лус хангай гурван цагийн эргэлтэнд үргэлж ариун дагшин, унаган төрхөөрөө байж, ард иргэд нь айх аюул, шаналах зовлонгүй, баян чинээлэг байхын ерөөл бэлэгдэж байрлууллаа.

3. Аугаа их соён гэгээрүүлэгч, анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын урлан бүтээж, Монголчууд зуун зуунаар мөнхлөн дээдэлж ирсэн төрийн “Алтан соёмбо”-ны сар, нар, дөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй цагтаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморь хөдлөшгүй бат бэх суурьтай, мандан бадарч байхыг бэлэгдэж, дөрвөн хүчитний нэг арслангийн нуруун дээр тулах цэг болгон байрлуулав.

4. Даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа дэлхийн бөмбөрцгийн хүн ард эв эетэй, мэлмий тунгалаг, сонор соргог байхыг бэлэгдэж арслангийн урд хоёр хөлөөр дэлхийн бөмбөрцгийг цээжинд нь хамгаалуулж, мөнх оршин байхыг “Зөрсөн гурван загас”-аар төлөөлүүллээ.

5. Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеэс холч мэргэн оюун ухаан, уламжлалт ёс, зан заншлаараа төрийнхээ алтан жолоог хойч үедээ уламжлуулан өвлүүлж ирсэн ариун нандин жудагийг нандигнан баринтаглаж, Бадамлянхуа цэцгэн дээр Арслангаа байрлууллаа.

6. Бэлэгдлийг тойрсон алтан нарны туяан дээр ариун нандин байхын бэлэгдэл цагаан өнгөөр алхан хээг тэгш өнцөгтөөр дүрсэллээ.

7. Нар хур тэгширсэн Миний эх орны нийслэл Улаанбаатар хотын ургах нарны алтан босго нь болж өргөөндөө залсан Баянзүрх дүүргийн гал голомт үргэлж ариун дагшин, баян тансаг байж, төрийн бодлого цэгцтэй, түмэн олон минь амгалан байхын ерөөл талбиж, “Сүлд”- ийг бүтээж мөнхжүүлэхийг зорилоо.

Сүлд дуу

үг. Д.Дариймаа
ая. Н.Сэр-Од
БАЯНЗҮРХ ХАЙРХАН

(Баянзүрх дүүргийн сүлд дуу)

Хан уулаа хормойдон налайж
Хатан туулаа сөгнөн мишээсэн
Богд Очирваанийн алтан ураг
Баянзүрх хайрхан мину
Сүүгээ өргөн мөргөе тандаа
Сүлдээ даатган сөгдөе тандаа
Гарзын үүдийг буянаараа хааж
Газраас жаргаж тэнгэрт тэмүүлсэн
Дээдсээс тахилгатай онгон шүтээн
Баянзүрх хайрхан мину

Дахилт

Өглөг буянаа түмэндээ хишиглэж
Үйлсийн тэнгэрт хийморь бадраасан
Итгэл сэтгэлийн цагаан арслан
Баянзүрх хайрхан мину

Дахилт

Үүл саатуулан хураан хайрлаж
Үндэс бүхнээсээ цэцэг амилуулсан
Үлгэрийн тансаг дэлгэр хангай
Баянзүрх хайрхан мину

Дүүргийн “ТУГ”-ны тайлбар

Монголчууд үеийн үедээ төрөө дээдэлж, төрийн минь “Сүлд өршөө” гэж сүсэглэж төрийнхээ сүлд, тугийг эрхэмлэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Дүүргийн тугийг монгол төрийн үндсийн үндэс, төр, ард түмний ариун нандин бэлэгдэл хэмээн ойлгож бүтээлээ.
1. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор нэгдсэн Монгол Улс байгуулагдан дэлхийн түүхнээ мөнхөрч хүчирхэгжиж байсан монгол төрийн аугаа түүхийг санагалзан цэнхэр өнгийг мөнх хөх тэнгэрээн хэмээн дээдэлж сонголоо.

2. Цагаан цэнхэр өнгөн дээр хүчитний хаан, Баянзүрх хайрханы шүтээн арсланг ариун нандины бэлэгдэл болгон цагаан өнгөөр хийж, хөх өнгөөр дүрслэлийг товойлголоо.

3. Эх дэлхийн ай сав газар үргэлж мөнх ногооноороо байж, амьтан бүхэн амгалан тайван, урт насалж байхыг бэлэгдэж дэлхийн бөмбөрцгийг газар дэлхийн ногоон өнгөөр хийж, зөрсөн 3 загасыг цэнхэрээр сонгож хийлээ.

4. Монгол төрийн голомт өнгөрсөн, одоо, ирээдүй цагтаа үргэлж цэгц тунгалаг байхын бэлэгдэл болгож, галын дөлийг улаанаар дүрсэллээ.

5. Дүүргийн тугийг ёслол хүндэтгэлийн, хүндэтгэлийн гэж 2 төрлөөр хийж болох бөгөөд ёслол хүндэтгэлийн тугийг тойруулан алтан нарны цацрагийг төлөөлүүлэн цацаг хийж болохоор загварыг зохиомжиллоо.

6. Дүүргийн тугийг Монголчуудын уламжлалт ёс зан заншил, бэлэг дэмбэрлийг бодолцож, таван өнгийн хадагны өнгийг төлөөлүүлж бүтээлээ.

7. Дүүргийн тугны хэмжээг 1 метр 50 см-ийн урттай, 90 см-ийн өргөнтэй цагаан цэнхэр өнгийн материалын гуравны нэгийн баруун дээд хэсэгт байрлуулж бүтээхээр зохиомжлов.

Дүүргийн “ӨНДӨРЛӨГ” -ийн Тайлбар оршвой
Аливаа улс үндэстний бахархал, бэлэгдлийн нэг бол хөшөө, өндөрлөг, дурсгалын зүйл юм. Баянзүрх дүүргийн бэлэгдэл болсон нэг өндөрлөгийг дараахи зохиомжоор бүтээлээ.

1. 4х4 метрийн өргөнтэй, 1 метрийн өндөртэй саарал гантиган суурин дээр 3х3 метрийн өргөнтэй, 50 см-ын өндөртэй цагаан гантигийг ариун нандин, бат бэхийг бэлэгдэн суурилууллаа.

2. Ариун нандин, бат бэхийн бэлэгдэл болсон цагаан гантиган сууринд гал голомтын үндэс хэмээн “Хос ган баганыг” босгож, баганы гуравны нэг буюу оройн хэсэгт дугуй хэлбэр үүсгэж, эх дэлхийг гариг эрхсийн орон зайгаар дүрсэллээ.

3. Гариг эрхэсийн орон зайг төлөөлсөн дугуй хэсэгт Баянзүрх хайрханы шүтээн. Цагаан арсланг бадамлянхуа цэцгэн дээр байрлуулж, арслангийн нуруун дээр сар, нар, дөлийг тулах цэг болгон байрлууллаа.

4. Өсөж дэвжихийн бэлэгдэл болсон хос ган баганан дээр байрлуулсан сүлдний дээд доод талыг холбосон цэнхэр туузан хадаган дээр уйгаржин монгол бичгээр Баянзүрх дүүрэг гэж есөн эрдэнийг төлөөлүүлж алтан шар өнгөөр бичлээ.

5. Хос ган баганы хоёр талаар ган батын бэлэгдэл болгож хос туузан хошмог / эмжээр/ тавьж өглөө.

6. Баянзүрхчүүд үеийн үед дундаршгүй баян, дуусашгүй мөнх байхын ерөөл бэлэгдэж, “Эрдэнийн бумба”-ыг алтан шармал өнгөөр оройд нь байрлуулж мөнхлөв.