Түүхэн замнал

Түүхэн замнал

БНМАУ – ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хорооны захиргааг хувааж, 4 район болгон зохион байгуулсаны нэг нь өнөөдрийн Баянзүрх дүүрэг. Одоогоос 50 жилийн өмнөх Найрамдлын районыг анх 1965 онд бүсчлэн баталсан түүхтэй.

Найрамдлын район нь 65 мянган га нутаг дэвсгэртэй, 30 мянган хүн амтай, орон сууц гудамжны 3 хороотой нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгж болж өнөөгийн Баянзүрх дүүргийн тулгын чулууг тавьжээ. Найрамдлын районы анхны захиргааны байр нь одоогийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байранд байрладаг байжээ. Найрамдалын районы нутаг дэвсгэрт аж үйлдвэрийн газар 2, хүнсний үйлдвэрийн газар 3, бусад үйлдвэр 5, тусгай дэлгүүр 5, 3788 сурагчидтай ерөнхий боловсролын сургууль 3, техникум 3, 960 хүүхэдтэй цэцэрлэг 12, клуб, улаан булан 32, 745 ортой эмнэлэг 4, амбулатори 2, үйлдвэрийн барааны дэлгүүр 4, хүнсний барааны дэлгүүр 12, Хэрлэнгийн сүүний ферм, ногооны сангийн аж ахуйтайгаар байгуулагдаж байв.

Найрамдлын районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар 5 дугаар тойргийн депутат Мижид, Нарийн бичгийн дарга бөгөөд Зохион зааварлах хэлтсийн даргаар 55 дугаар тойргийн депутат Самдан, гишүүдэд 44 дүгээр тойргийн депутат Лхачин, 22 дугаар тойргийн депутат Мижид, 22  дугаар тойргийн депутат Хишигсүрэн, 14 дүгээр тойргийн депутат Пүрэвхүү, 4 дүгээр тойргийн депутат Цэндээжээ, 13 дугаар тойргийн депутат Шаравдорж, 57 дугаар тойргийн депутат Нанзайхүү нарыг тус тус баталж байжээ.

1965 оны  06 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан Найрамдлын районы Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы тогтоолоор Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга нарыг баталсан байдаг. Үүнд: Гэгээрлийн хэлтсийн даргаар Цэндээжээ, Санхүүгийн хэлтсийн даргаа Мижид, Цагдан сэргийлэх хэлтсийн даргаар Шаравдорж, Орон тооны бус тээврийн хэлтсийн даргаар Лодойсамбууг ажиллахаар баталсан байна.