‘’Манай хороо-Миний гудамж’’ аян Баянзүрх дүүрэгт эхэллээ

Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжийн  үйл ажиллагааг бэхжүүлж нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах мөн хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой билээ.

Түүнчлэн уг аян Гудамж, зам талбайг тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдана.

Дашрамд мэдээлэхэд уг аян 7 сарын турш үргэлжлэх бөгөөд энэ оны 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргаж Шилдэг дүүрэг, Шилдэг байгууллага, аж ахуй нэгж, Шилдэг тохижилттой хороо /орон сууц хороо, гэр хороо/, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага зэрэг төрлөөр шилдгүүдээ шалгаруулах юм. Аяны шагналын сан өндөр тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгж, хороод, иргэдийг ‘’Манай хороо-Миний гудамж’’ аянд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*