Танилцуулга

Баянзүрх дүүргийн танилцуулга

Дүүргийн эрхэм зорилго:

 Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг дарга нарын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын өндөр үр ашигтай, хэвийн жигд ажиллагааг баталгаажуулан төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай орчинг бүрдүүлэхэд оршино.

Ирээдүйн хөгжлийн стратегийн зорилт:

  • Хүний хөгжлийн төлөө иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн захиргааны байгууллагын чадавхийг нэмэгдүүлж иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Дүүргийн хэмжээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулан боловсрол эрүүл мэндийн салбарыг дэмжин хөгжүүлж, нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
  • Хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлж татварын орлогын бааз суурийг өргөжүүлэн орлого бүрдүүлэх арга хэлбэрийг оновчтой болгож төрийн байгууллагын ажил үйлчилгээг үр дүнгээр нь санхүүжүүлэх замаар дүүргийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлнэ.
  • Тохижилт, дэд бүтэц, газар эдэлбэрийн асуудлын хот байгуулалтын орчин үеийн шаардлага, нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
  • Байгалийн унаган төрх нөхөн сэргэх чанарыг нь хадгалан хамгаалах замаар иргэдийн аж төрөх эрүүл орчинг бүрдүүлэн аялал жуулчлалын салбарыг дэмжин хөгжүүлнэ.

 

Дүүргийн гол онцлог:

  • Нийслэлд хүн амын тоогоор тэргүүлдэг
  • Нутаг дэвсгэрийн хэмжээ их
  • Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд их
  • Мал аж ахуй бусдаас илүү
  • Шинжлэх ухааны байгууллага олон
  • Их дээд сургууль олон
  • Цэргийн байгууллага олон
  • Байшин болон гэр хороолол хосолсон

Нутаг дэвсгэр, газар зүйн онцлог

Баянзүрх дүүрэг 124.4 мянган га газар нутагтай, Богд хан уулын Бага тэнгэр, Богино Хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг ан амьтан, цэцэг жимс, ой мод, рашаан ус, эмийн ургамал бүхий үзэсгэлэнт сайхан байгальтай юм.

Гоёмсог барилга, өргөн гудамж, зам талбай , гүүр , хөшөө дурсгал бүхий хотын шинжийг агууласны сацуу уул толгод, ой хөвч, тал хээрийг багтаасан үзэсгэлэнт байгаль бүхий Нийслэл хотын хамгийн том дүүрэг юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 151 нь төсвийн, 420 нь төрийн бусбайгууллага бол 18 нь хувьцаат компани, 3345нь ХХК юм. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг.