bq

ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖЛИЙГ ХАНГАСАН ЦЭЦЭРЛЭГ НЭЭГДЛЭЭ

Админ
2022/01/11

Баянзүрх дүүргийн 17-р хороонд НҮБ-ын Хүүхдийн сан, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр 125 хүүхдийн багтаамжтай 297 дугаар цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Улмаар энэ хороонд улсын хөрөнгө оруулалттай анхны цэцэрлэг байгуулагдаж буй юм.

Уг цэцэрлэг нийслэлийн хэмжээнд жишиг болохуйц инженерийн шийдлийг цогцлоосон онцлогтой. Бүрэн автомат агаарын системийг төлөвлөж, хүчилтөрөгчөөр баялаг, шүүсэн агаараар дотор орчиндоо амьсгалах боломжийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, агаар сэлгэлтийн систем хүчилтөрөгчийг гаднаас аваад, дотогшоо оруулахдаа давхар хепа шүүлтүүрээр нарийн ширхэгтэй тоосонцор буюу ПИ-Эм 2.5-ыг шүүгээд, өвлийн нөхцөлд хүйтэн агаарыг тодорхой хэмжээнд халаах зориулалттай шийдсэн юм.

Цэцэрлэгийн насны хүүхдийн тархины хөгжил идэвхтэй явагддаг ба хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал. Амьсгалын систем бүрэн хөгжөөгүй, маш эмзэг байдаг. Тиймээс агаарын бохирдол буюу нарийн ширхэгтэй тоосонцроос үүдсэн хатгаа, бронхит, улирлын чанартай томуу гэх зэрэгт өртөх эрсдэл өндөртэй байна. Харин энэ цэцэрлэгт өсөж байгаа хүүхдүүд эрсдэлгүй, эрүүл, аюулгүй орчинд өсөж торних юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас цэцэрлэгийн орчны дотоод агаарын чанарыг сайжруулах талаар санаачилга гаргаж, Монгол улсын барилгын норм, дүрэмд өөрчлөлт оруулж байгаа. Урьд нь цэцэрлэгийн барилгад агаар сэлгэлтийн систем заавал хийх талаар зохицуулаагүй байсан. Харин шинэчлэгдсэн дүрмээр зайлшгүй суулгах ёстой болсон. Үүнээс цааш энэ норм дүрмийг баримтлаад явбал шинэ баригдаж байгаа цэцэрлэгүүд бүгд агаарын чанарын асуудалгүй болно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна