bu

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Админ
2022/01/13

Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулдаг.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинэчлэгдэж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хууль батлагдаснаар өмнө нь хэрэгжиж байсан иргэдийн төлөөлөгчийн  эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж, дээрх  хуулийн 13 дугаар бүлэгт иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай нарийвчлан тусгасан юм.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлалын талаарх сургалтыг хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт зохион байгууллаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэдэг нь шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцохоор санамсаргүй аргаар сонгогдсон, эрх зүйн чадамжтай 25-60 насны иргэн бөгөөд төлөөлөгчөөр сонгогдсон иргэд шүүх хуралдаанд оролцохоос татгалзах, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй цааргалах явдал гарч, шүүх хуралдаан хойшлох хүндрэл, бэрхшээл тулгардаг талаар холбогдох албаныхан хэлж байлаа.

Энэ жил тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 788 иргэн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон бөгөөд тэдэнд зориулсан гарын авлага, болон сургалтын урилгыг нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагчдаар дамжуулан иргэдэд хүргэх юм.

Мөн сургалтаар Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар  танилцуулгыг хийсэн бөгөөд 2016-2021 оны буюу сүүлийн 6 жилийн байдлаар нийт 2376 гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл хүлээн авч , үүнээс 112 (4.7 хувь) гэр бүл эвлэрсэн байна.

Цаашид гэр бүлийн маргааныг амжилттай шийдвэрлэх, эвлэрлийг ихэсгэхийн тулд тус шүүхийн Тамгын газраас тал бүрийн арга хэмжээ авч, үүн дотроо гэр бүлийн, хосын сэтгэл зүйчидтэй хамтран ажиллах, сэтгэл судлалын төвүүдтэй холбоо тогтоохоор ажиллахаас гадна хороодын нийгмийн ажилтнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна