bv

Н.Баярмөнх: Дахин төлөвлөлттэй холбоотой асуудалд иргэд болон гүйцэтгэгч компаниуд нэг ойлголттой байж тулгарсан асуудлаа нийтийн эрх ашгийн төлөө шуурхай зөвшилцөж шийдвэрлэх ёстой

Админ
2022/01/13

Баянзүрх дүүргийн 19-р хорооны гурван байршилд Их газрын Жигүүр ХХК дахин төлөвлөлт хийхээр болж 2019 оноос төслийн ажлаа эхлүүлсэн. Цэцэрлэгээс гадна 6 блок бүхий орон сууц барихаар төлөвлөөд байгаа юм. Үүнээс өнөөдрийн байдлаар нэг орон сууцны барилга ашиглалтад орж зарим айлууд байрандаа ороод байна.

Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 70 айл байранд орох учиртай. Гэхдээ газар чөлөөлөлттэй холбоотой асуудлаас үүдэж бүтээн байгуулалтын ажил хойшилж байгааг гүйцэтгэгч компаниас мэдэгдээд байгаа юм.

Энэхүү газрын маргааныг бий болгосон хоёр айлын асуудлаас үүдэж олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг дахин төлөвлөлт хийх газар амьдардаг иргэдийн төлөөллүүд хэлж Баянзүрх дүүргийн засаг даргатай уулзсан юм. Үүнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж зөвшилцөж арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлсэн юм.


Тэрээр хэлэхдээ “Дахин төлөвлөлт явуулж буй компаниуд тухайн газар амьдарч байгаа иргэдийн газрыг чөлөөлөхдөө иргэдтэйгээ уялдаа холбоотой байж, бүх асуудлаа шуурхай зөвшилцөж шийдвэрлэх ёстой. Тэгэхгүй бол нэг талдаа дахин төлөвлөлтийн ажил зогсож иргэдээ орон сууцжуулах ажил удааширч, нөгөө талдаа иргэд хохироод үлдэх асуудал үүснэ” гэсэн юм.


Энэ мэт дахин төлөвлөлттэй холбоотой маргаантай байгаа асуудлууд Баянзүрх дүүргийн зарим хороодод бий. Хэрэв иргэд, дахин төлөвлөлт гүйцэтгэж байгаа компаниуд нэг ойлголттой байсан тохиолдолд гэр хорооллыг орон сууцжуулах ажил эрчимтэй явагдаж, агаарын бохирдлын асуудал ч багасах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна