Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласан билээ. Иймд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгт Монголын өмгөөлөгчдийн холбооноос дөрвөн өмгөөлөгч оролцож  иргэдийн хүссэн мэдээлэлд хуулийн дагуу зөвлөгөө өгөх юм. Өдөрлөг өнөөдөр 09:00-16:00 хүртэл үргэлжлэх тул Баянзүрх дүүргийн иргэд та бүхэн идэвхтэй оролцож өөрийн хүссэн хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авна уу.

Гурван өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарсан билээ. Уг захирамжийн хүрээнд энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан юм.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор 7-ны буюу сонгуулийн өдөр томоохон зах худалдааны төвүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нарантуул, Өгөөмөр, Да Хүрээ, Амгалан, Сандэй зэрэг нийт 20 томоохон зах, худалдааны төвүүд сонгуулийн дахин санал хураалтын өдөр амрахаар боллоо. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлтэй нийт 399 ресторан, бар, кафег архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хорилоо.

Уг захирамжийн үйлчлэх хугацаа энэ сарын 6-ны 00.00 цагаас 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл үргэжлэх юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийн хэрэгжилтэнд анхаарч ерөнхийлөгчийн дахин санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна

ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан  Ерөнхий шүүгч, шүүхийн шүүгчийн нийт 15 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Хэрвээ та шүүгчийн суурь шалгалтад тэнцсэн бол анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх эрхтэйгээс гадна сонгон шалгаруулалт зарласан зарим сул ажлын байранд ч өрсөлдөх боломжтой аж.

Сонгон шалгаруулалтын бүртгэл 2017 оны 8-р сарын 21-25 өдрүүдэд явагдах бөгөөд иргэд онлайн болон цаасан хэлбэрээр бүртгүүлэх юм.

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн иргэд ажлын өдрүүдэд 7000-8022 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

                                                          ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА