Иргэдийн болгоомжгүй байдлаас болж түймэр гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд объектын 327 удаагийн гал түймэр гарсан байна. Харин ой хээрийн түймэр 3 удаа гарчээ. Энэ сарын тавны өдөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд гарсан түймэрт нийт 8,5 га газар шатсан юм.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж уг түймэр гарсан болохыг албаны хүмүүс тогтоогоод байна. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа болон ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.

“Улаанбаатар марафон-2017” тэмцээнд Баянзүрхчүүд идэвхтэй оролцлоо

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон-2017” Олон Улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын алба хаагчид болон дүүргийн 28 хорооны 4000 гаруй хүн оролцов.
Түүнчлэн “Улаанбаатар марафон-2017” Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцсон 36 мянга гаруй хүнд зориулан дүүргийн Соёлын ордны дуу, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид урлагын тоглолтоороо бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад, урлагийн тоглолтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Бөхийн өргөөний арын талбайд дүүргийн Соёлын ордон, Биеийн тамир, спорт хороотой хамтран зохион байгууллаа.