6p

Баянзүрх дүүргээс зөвшөөрөлгүй цэгт мал худалдаалж, ТҮЦ ажиллуулж буй асуудлыг цэгцэлж байна

Админ
2021/06/14

Өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцгой байдлын шуурхай хурлаар зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа эрхэлж буй иргэдэд хяналт шалгалт хийн, энэ асуудлыг цэгцлэх чиг үүргийг холбогдох ажлын хэсэгт өгсөн юм.

Энэ ажлын хүрээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ болон зөршөөрөлгүй мал худалдаалж буй иргэдэд шаардлага хүргүүлж хяналт шалгалт хийлээ.

Тодруулбал  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд зөвшөөрөлгүй мал худалдаалж байсан иргэдэд дүүргийн зүгээс шаардах бичиг удаа дараа өгч, зөрчлийн тухай хуулиар торгосон ч иргэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Тус газар дээр хяналт шалгалт хийхэд 100 гаруй иргэн мал худалдаалж, бой хийн хаягдал сэвс, хогийг ил задгай хаяж байгаа ноцтой зөрчил гаргаж байсан. Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн ч худалдах борлуулах, бойлох нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Иймд дүүргийн зүгээс иргэдэд зөвшөөрөгдсөн цэгээс гарал үүсэл тодорхой мал худалдан авч өөрийн болон гэр бүлийнхээ хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр тус газрын газар эзэмшигчтэй уулзлаа. 2008 оноос хойш газар эзэмшиж байгаа компани одоо болтол үйл ажиллагаагаа явуулаагүй эзэнгүй байлгаж байгаа нь газар эзэмших хуулийг зөрчиж байгаа нэг хэлбэр бөгөөд ирэх долоо хоногт Газар эзэмших эрхийг цуцлах хүсэлт хүргүүлнэ гэсэн юм.

Цаашид иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, байгаль орчныг бохирдуулж буй иргэдэд хяналт тавьж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй газарт мал худалдаалахгүй байх нөхцөлийг хангаж, нүүлгэн шилжүүлсэн малын хашаа, саравчийг буулган өтөг бууцыг зөөж хөрсийг ариутгах ажлыг үргэлжлүүлэх юм.

Мөн тус ажлын хэсэг нь дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн зам дагуу байрлах газрын зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ -үүдэд шалгалт явуулан, шаардлага хүргүүлж холбогдох арга хэмжээг авлаа. Тус газар 52 ТҮЦ үйл ажиллагаа эрхэлдэг. Шаардах бичиг хүргүүлсэн ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа. Газар дээр нь очиж шалгахад эдгээр ТҮЦ-үүдийн ойр хавьд нийтийн ариун цэврийн газар байхгүй, ашигласан тосоо газар шууд асгаж, ил задгай хог хаясан байдалтай байсан бөгөөд үйлчилгээ эрхэлж буй иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиагүй, халуун хэмжигч, гар ариутгагч, хамгаалалтын бээлий, маск зүүгээгүй байснаас гадна газыг ил задгай ашиглаж байлаа.

Иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд хувийн бизнес, үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчиж буй хэрэг бөгөөд стандартын шаардлагад нийцсэн орчин нөхцөлд, зөвшөөрөлтэй газар үйл ажиллагаагаа явуулахыг ажлын хэсэг анхааруулаад зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа эрхлэх нь иргэдийг эдийн засгийн хувьд алдалдалд оруулах эрсдэлтэйг иргэд ухамсарлахгүй байгааг онцолж байсан юм.

Ажлын хэсэгт Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мал эмнэлэг, Нийтлэг үйлчилгээний газар хамтран ажиллаж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна