Танилцуулга

 

Улаанбаатар хотын зүүн талд байрлах Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн том дүүрэг  бөгөөд Богд Хан Уулын Бага тэнгэр, Богино хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурах ам болон Хар усан тохой зэрэг үзэсгэлэнт байгалийг цогцлоон нийт  124.4 мянган га газрыг хамарч оршдог.

Дүүрэг жил ирэх бүр хаяа тэлэн хөгжиж байгаагаас гадна хүн амын тоо ч өсөж байна. Тухайлбал сүүлийн таван жилийн хугацаанд тус дүүргийн хүн амын тоо 12 хувиар өссөн байна. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 104,881 өрхийн 383,892 хүн байнга оршин сууж байна. Үүнээс 185,517 /48,3%/ нь эрэгтэй, 198,375 /51,7%/ нь эмэгтэй байна.

Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, түүний харьяа 6 хүрээлэн, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс гадна хүүхэд залуучууд эх түүхийн жимээр аялах боломжтой Монгол цэргийн музей, Жуковын музей, Оюун ухааны музей тус тус байрладаг.

Мөн Эрүүл мэндийн томоохон байгууллагууд болох ХӨСҮТ, ХСҮТ, Хоёрдугаар эмнэлэг, Цэргийн Госпиталь, Амгалан амаржих газар, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг Баянзүрх дүүрэгт байдаг бөгөөд иргэддээ нарийн мэргэжлийн болон суурь, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цаашид дүүрэгт эрүүл мэндийн цогцолбор төв байгуулахаар зорьж зураг төслийн ажил хийгдэж байна. Харин нутгийн захиргааны байгууллага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын бодлого, хөтөлбөр болон Засгийн газар, нийслэлийн Засаг даргын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол байгууллага. Дүүргийн Засаг даргын тамгын газарт төрийн үйлчилгээний үндсэн 9 хэлтсээс гадна засаг захиргааны анхан шатны нэгж болсон 43 хороотой, дүүргийн төр захиргааны 29 хэлтэстэйгээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон ажиллаж байна.

Нарантуул Олон улсын худалдааны төв, Өгөөмөр, Да хүрээ авто худалдаа, техникийн зах, Баянзүрх, Амгалан зах зэрэг нийт 180 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжих, дүүргийн эдийн засгийн бие даасан байдлыг хангахыг үндсэн зорилгоо болгож, үйлчилгээний гудамж, шөнийн худалдаа, шөнийн үйлчилгээ бүхий “Арилжааны дүүрэг” болгон хөгжих гарцыг онцолж, загвараа тодорхойлон боловсруулсан. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлэн, иргэдийг бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд дэмжиж ажиллах зарчим баримтлан ажиллаж байна. Дээрх зорилго, зорилтууд Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 бодлогын баримт бичигт тусгагдсан.

Иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн мөн Баянзүрх дүүрэгт оршдог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 973 га талбайг хамардаг. Үүнээс 183 га талбайд төлөвлөлт хийгээд байна. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орох Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн 20,23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулж байна. Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалахаас гадна амарч зугаалахаар ирсэн иргэд дэлхийн улс орны түүх, ёс зан заншилтай танилцах боломжийг олгоно. 300 га талбайд төлөвлөлт хийгдэх бөгөөд үүний 70 хувийг ногоон байгууламж эзэлж 30 зүйлийн 140,000 гаруй мод тарина. Харин үлдсэн 30 хувьд сагс, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай, задгай театр, усан парк хийхээр төлөвлөсөн. Энэ мэтчилэн Баянзүрх дүүрэг нь Байгалийн нөөц, түүх соёлын өв уламжлалыг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон дүүрэг болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд 2030 он гэхэд 10 сая мод ургуулахаар төлөвлөөд байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Баянзүрх дүүргийн зүүн болон зүүн хойд хэсэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр нь ойн сан бүхийн үзэсгэлэнтэй газар газар нутагтай. Иймд газар нутгийн онцлогтоо тулгуурлаж эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бий болгохоор төлөвлөөд байна. Тухайлбал аялал жуулчлалын хүрээнд ахуй соёлын, явган болон морин аялал, өвлийн аяллыг бий болгоно.

Баянзүрх дүүрэг нь байгаль, нийгэм, эдийн засгийн нөөц боломжоо ашиглан иргэдийнхээ сурч боловсрох ажиллаж хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн зураглал баримт бичгийг боловсруулсан. Хөгжлийн зураглал нь Алсын хараа 2050, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд 2030 он гэхэд Баянзүрх дүүрэг  үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай дүүрэг болсон байх юм.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол ард Улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Найрамдалын район нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний дараа 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг хэмээн нэрээ өөрчилсөн.

Сүлдний тайлбар

 

1. Сав болон шим ертөнц, гараг эрхсийн тогтолцоо, мөнхөд үл бүдгэрэх алтан шаргал нарны хэлбэр, өнгө, бэлгэдлийг төлөөлүүлэн ерөнхий загвар нь “дугуй” хэлбэртэй, алтан шаргал дэвсгэр дээр мөнх хөх тэнгэр, агаар мандлын орон зайг төлөөлүүлэн цэнхэр дэвсгэрийг байрлууллаа.

2. Сүлдний төв хэсгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хэмээн үзэж, мөнх хөх тэнгэрийн толион дээр дөрвөн хүчтэний нэг, Намсрай бурханы хөлөг, Баянзүрх хайрханы эзэн, “хүчит арсланг” хатан Туулын хадган цэнхэр өнгөөр товойлгон дүрсэлж эх дэлхий, лус хангай, гурван цагийн эргэлтэд үргэлж ариун дагшин , унаган төрхөөрөө байж , ард иргэд нь айх аюул , шаналах зовлонгуй , баян чинээлэг байхыг ерөөн бэлгэдэж байрлууллаа .

3. Аугаа их соён гэгээрүүлэгч , анхдугаар богд, өндөр гэгээн Занабазар урлан бүтээж, монголчууд зуун зуунаар мөнхлөн дээдэлж ирсэн төрийн “Алтан соёмбо”-ны сар, нар, дөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй цагтаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморь, хөдөлшгүй бат бэх суурьтай, мандан бадарч байхыг бэлгэдэж, дервөн хүчтэний нэг арслангийн нуруун дээр тулах цэг болгон байрлуулав.

4. Даяарчлалын эрин зуунд амьдарч байгаа дэлхийн бөмбөрцгийн хүн ард эв эетэй, мэлмий тунгалаг, сонор соргог байхыг бэлгэдэж, арслангийн урд хоёр хөлөөр дэлхийн бөмбөрцгийг цээжинд нь хамгаалуулж, мөнх оршин байхыг ” Зөрсөн гурван загас” -аар төлөөлүүллээ.

5. Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеэс холч мэргэн оюун ухаан, уламжлалт ёс, зан заншлаараа төрийнхөө алтан жолоог хойч үедээ уламжлуулан өвлүүлж ирсэн ариун нандин жудгийг нандигнан баринтаглаж , Бадамлянхуа цэцгэн дээр Арслангаа байрлууллаа.

6. Бэлгэдлийг тойрсон алтан нарны туяан дээр ариун нандин байхын бэлгэдэл цагаан өнгөөр алхан хээг тэгш өнцөгтөөр дүрсэллээ.

7. Нар хур тэгширсэн эх орны нийслэл Улаанбаатар хотын ургах нарны алтан босго нь болж өргөөндөө залсан Баянзүрх дүүргийн гал голомт үргэлж ариун дагшин , баян тансаг байж, төрийн бодлого цэгцтэй, түмэн олон минь амгалан байхын ерөөл талбиж, “Сулд”-ийг бутээн мөнхжүүлэхийг зорилоо.