Баянзүрх дүүргийн иргэн танд энэ өдрийн мэнд хүргэе
Баянзүрх дүүрэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 79 дүгээр зарлигаар Найрамдлын район нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний дараа 1992 онд Баянзүрх дүүрэг хэмээн нэрээ өөрчилсөн. Улаанбаатар хотын зүүн талд байрлах Баянзүрх дүүрэг нь Нийслэлийн Хамгийн том дүүрэг. Богд Хан уулын Бага тэнгэр, Богино хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурах ам, Хар усан тохой зэрэг байгалийн үзэсгэлэнт байдлыг цогцлоон нийт 124,4 мянган га газрыг хамран оршдог.
Дүүрэг жил ирэх бүр хаяа тэлэн хөгжиж байгаагаас гадна хүн амын тоо ч өсөж байна. Тухайлбал сүүлийн таван жилийн хугацаанд хүн амын тоо 12 хувиар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 128,009 өрх, 436,822 иргэнтэй. Иргэд ая тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, салбар бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс жил бүр тодорхой зорилтыг дэвшүүлэн ажилладаг. Тухайлбал 2021 оныг Дэмжих жил, 2022 оныг Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил, 2023 оныг Хүний хөгжлийн жил болгон зарласан. Харин 2024 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Төрийн үйлчилгээг ойртуулах, иргэдийн цаг, эдийн засгийг хэмнэх үүднээс Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг зургаан байршилд байгуулж, хороо бүрд төрийн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой киоск машиныг байршуулаад байна. Үүнээс гадна 37 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай, 66 километр авто зам, иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой томоохон цэцэрлэгт хүрээлэнг гурван байршилд байгуулсан. Үүнээс гадна эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн. Энэ бол 2020-2024 онд Баянзүрх дүүрэгт хийгдсэн тохижилт бүтээн байгуулалтын ажлын нэгхэн хэсэг. 2030 он гэхэд Баянзүрх дүүрэг үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай дүүрэг болох зорилго дэвшүүлээд байна. Энэ зорилгод хүрэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.
Баянзүрх дүүргийн иргэд та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Ганбаатарын Жаргалсайхан