ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

 Ковид-19

1.1. Дүүргийн нутаг дэвсгэрт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, бүх төрлийн нөөцийн бэлэн байдлыг хангана.

1.1.1. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

1.1.2. Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, сургууль цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын орчинд ариутгал халдваргүйжилтийн ажлыг тогтмол зохион байгуулна.

1.1.3. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад зориулсан санхүүжилтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулна.

1.1.4. Дүүргийн зорилтод бүлгийн иргэдэд шаардлагатай тохиолдолд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

1.1.5. Олон нийтийн нийгмийн сүлжээ, цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэнэ.

1.1.6. Цар тахлаас үүдэлтэй иргэдийг сэтгэл зүйн хүндрэлийг эмчлэх цогц сургалт, зөвлөгөөг шат дараатай явуулна.

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Эрүүл мэнд

2.1. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдэд эрүүл амьдралын дадлыг хэвшүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.1.1. Дүүрэгт төрийн өмчийн нэгдсэн эмнэлэг /200 ортой/ байгуулна.

2.1.2. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулна.

2.1.3. Дүүргийн “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийг байгуулна.

2.1.4. Эрүүл мэндийн төвүүдийн амбулаториуд, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх таатай орчин бүрдүүлнэ.

2.1.5. Дүүргийн эрүүл мэндийн төвд эрэгтэйчүүдийн кабинет байгуулна.

2.1.6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

2.1.7. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хянах, эмчлэх замаар өвчлөлийг бууруулна.

2.1.8. Халдварт бус өвчин эмгэг, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийг тандах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллана.

2.1.9. Өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сайн дурын ажилтан бэлтгэнэ.

2.1.10. Хүн амын өсөлт, газар зүйн байршилтай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Нийтийн биеийн тамир

2.2. Иргэдийг нийтийн биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжоор хангана.

2.2.1 Баянзүрх дүүргийн спортын цогцолборыг ашиглалтад оруулна.

2.2.2. Дүүргийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн биеийн тамирын үйл ажиллагааг өргөжүүлж, нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

2.2.3. Спортыг дэмжих замаар өсвөрийн хүүхэд, багачуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.

2.2.4. Дүүргийн спорт хороонд орон тооны арга зүйчтэй болох асуудлыг шийдвэрлүүлнэ.

2.2.5. Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж дэмжлэг үзүүлнэ.

Боловсрол

2.3. Чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмших нөхцөлөөр ханган сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулж, хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжиж, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч  ажиллана.

2.3.1. Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жинг 80 хувьд хүргэнэ.

2.3.2. Сургуулийн барилгыг шинээр барих, өргөтгөх замаар ерөнхий боловсролын сургуулийн барилгын ашиглалт, ээлжийн коэффициентыг бууруулж, 1.5 хувьд хүргэнэ.

2.3.3. Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангах хүрээнд холбогдох бүх шатны байгууллагуудтай хамтран ажиллана.

2.3.4 Боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлж “Насан туршийн боловсролын төв”-өөр олгох сургалтын хүртээмжийг сайжруулж, дүүргийн хэмжээнд сургууль завсардалтыг үгүй болгоно.

2.3.5. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх нь” үндэсний хөтөлбөрийг дүүргийн төвшинд хэрэгжүүлнэ.

2.3.6 Хоол үйлдвэрлэлийн орчин, нөхцөлийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулах замаар хоол үйлдвэрлэл хүүхдийн хоолны чанарт хяналт тавьж ажиллана.

2.3.7 Сургуулийн орчин дахь гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчийг нэмэгдүүлж, хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.

2.3.8. Амьдрах чадварт суралцуулах сургалтын үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлнэ.

2.3.9. “Цахим сургалт”-ын үйл ажиллагааг дэмжин ажиллана.

2.3.10 Дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийг байгалийн ухааны болон технологийн хичээлийн лаборатори кабинеттай болгоно.

2.3.11.  Хүүхдийг эрсдэлээс хамгаалах, авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Хүүхдийн автобус” төслийг хэрэгжүүлнэ.

2.3.12. Улсын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах орчинг бүрдүүлнэ.

2.3.13. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт зохион байгуулна.

Соёл урлаг

2.4. “Хотын соёл” аяныг зохион байгуулна.

2.4.1. “Хотын соёл” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, цэцэрлэгийн  насны хүүхдүүдийн дунд түүх, хэл соёл, үндэсний өв, бахархлаа дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.

2.4.2. “Хотын соёл” цуврал контент бий болгож, цахим аян өрнүүлнэ.

2.4.3. Дүүргийн хэмжээнд угийн бичиг хөтлөх сургалтыг тогтмол зохион байгуулна.

Гэр бүл

2.5  Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооно.

2.5.1. Хүүхдийн эрхийг хангахад эцэг, эх олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээлэл хяналтын тогтолцоог бэхжүүлж, эцэг эхийн хараа хяналт сул, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний хяналтыг сайжруулна.

2.5..2 Хүүхдийн осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

2.5.3. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг зохион байгуулна.

2.5.4. Хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулна.

2.5.5. Гэр бүлийн боловсрол олгох, хууль ёсны асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг арга эзэмшүүлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулна.

2.5.6. Хохирогчийг хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрыг барьж ашиглалтад оруулна.

Нийгмийн халамж

2.6. Нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

2.6.1. Ажил эрхэлдэггүй, нийгмийн халамжид хамрагддаггүй, нийгмийн харилцаанаас     тусгаарлагдаж болзошгүй иргэдийг амьдралын зөв дадал хэвшилд сургах, түр хоноглох үйлчилгээнд хамруулж, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулна.

2.6.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.6.3. “Дүүргийн ахмадын өргөө”-г  шинээр барьж ашиглалтад оруулна.

2.6.4. “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Санхүү, төсвийн зохицуулалт

3.1. Дүүргийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, сахилга батыг сайжруулна.

3.1.1. Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг үр дүнгүй хөрөнгө оруулалтаас татгалзаж, үр өгөөжтэй нийтийн эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтын цогц шийдэл бүхий бүтээн байгуулалтыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн санал хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ.

3.1.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангуулна.

3.1.3. Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл, хяналт зарцуулалтыг сайжруулж үр ашгийг дээшлүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлт

3.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ.

3.2.1. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж хувиараа болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг санхүүгийн болон бусад дэмжлэг, арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байр бий болгох, ажил олгогчдод урамшуулал олгох, ажлын байрыг хадгалах орлого нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

3.2.2. Залуучуудыг бизнес эрхлэх сургалт, арга хэмжээнд хамруулан, гарааны бизнес эрхлэлтийг дэмжинэ.

3.2.3. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн тогтвортой үйл ажиллагаа эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгоно.

3.2.4. Инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг дэмжих инновацийн төвийг ажиллуулна.

3.2.5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.2.6 Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр

3.3. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.

3.3.1. Шинэ техник технологи, инноваци нэвтрүүлэн ажлын байр нэмэгдүүлсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана.

3.3.2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулна.

3.4. Мал аж ахуйн  бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжинэ.

3.4.1. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллана.

3.4.2. Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчин, мал бүхий этгээдэд төрөөс урамшуулал олгоход дэмжин холбогдох байгууллагад уламжлан ажиллана.

3.4.3 Мал төхөөрөх, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, эрүүл ахуйг сайжруулах шинэ технологийг дэмжиж дүүргийн иргэдийг аюулгүй баталгаат хүнсээр хангахад анхаарч ажиллана.

3.5 Хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хангамжийн сүлжээг боловсронгуй болгоно. 

3.5.1. Хүнсний аюулгүй байдлын талаарх иргэдийн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулна.

3.5.2. Дүүргийн хүн амын хаврын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор  нөөцийн мах худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулна.

3.5.3. Дүүргийн хэмжээнд “Архидан согтуурахтай тэмцэх” ажлыг сайжруулж, согтууруулах ундаа худалдаалан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудыг төвшин тогтоох шалгалтад тогтмол хамруулж  хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллана.

3.5.4. Дүүргийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг   эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангуулна.

3.5.5. “Алтан намар” арга хэмжээний хүрээнд эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний    ногооны өргөтгөсөн худалдааг жил бүр зохион байгуулна.

3.5.6. Төмс, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнэ ургуулах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, хадгалах, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгоно.

3.5.7. Хүлэмжийн аж ахуй, фермерийн аж ахуй эрхлэхстандартад нийцсэн хүнсний зоорьтой болох санал санаачилгыг дэмжинэ.

3.6. Ахуйн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэгчдийн үйлчилгээний чанарыг сайжруулна.

3.6.1. Ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжийг үйл ажиллагааны стандартын шаардлага хангуулахад хяналт тавьж ажиллана.

3.6.2. Салбарын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө, уралдаан тэмцээнийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

3.7 Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулна.

3.7.1. Дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаанд стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллана.

3.7.2. Аялал жуучлалын салбарын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төрөлжсөн сургалтууд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Төрийн үйлчилгээ

4.1. Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, ил тод хүртээмжтэй хүргэнэ.

4.1.1. Нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээг “Нэг цонхны үйлчилгээ”-нд шуурхай шилжүүлж, чанар, хүртээмжийг сайжруулна.

4.1.2. Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид холбогдох журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.1.3. Төрийн байгууллага, албан тушаалтныг авлигын  эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангана.

4.1.4. Улаанбаатар хотын найрамдалт харилцаатай хотуудын адил төвшний дүүрэг, бүс нутагтай харилцан хамтын ажиллагааг үе шаттай шинэчлэн тогтооно.

4.1.5. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангана.

4.1.6. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжуудтай танилцах, эрх зүйн мэдлэг, мэдээллийн хүрээг өргөжүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

4.1.7. Улирал бүр дүүргийн удирдах албан тушаалтнууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үр дүнг тооцох, хяналт тавих тогтолцоог бий болгож, нээлттэй засаглал, нийтийн эрх ашгийг хамгаалсан засаглалын бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий “Засаг даргын нэг өдөр” ажлыг зохион байгуулна.

4.1.8. Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлах, орон нутгийн хамгаалалтын болон дайчилгааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, нөөцийг бүрдүүлнэ.

4.1.9. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулна.

4.1.10. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг  дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний биелэлтэд хяналт тавьж, иргэн, аж ахуй нэгжид үзүүлэх үйлчилгээг цахимаар шуурхай хүргэж, газрын маргааныг бууруулна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

4.2. Иргэдийн аюулгүй байдлыг хангана.

4.2.1. Хороодын хэсгийн ахлагч нарыг “Олон нийтийн цагдаа” статустайгаар ажиллуулж, хэсгийн ахлагч нараар дамжуулан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

4.2.2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

4.2.3. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, төрийн байгууллагатай хамтран сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулан ажиллана.

4.2.4. Цагдаагийн байгууллагын тоон мэдээ, судалгаанд үндэслэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт ихтэй байршлуудад хяналтын камер суурилуулж гэмт хэрэг гаралтыг бууруулна.

4.2.5. Иргэд, олон нийтэд зориулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх төв” байгуулна.

Архив, албан хэрэг хөтлөлт

4.3. Архивын бичиг хэрэг хөтлөлтийг цахимжуулж, хадгалалтыг сайжруулна.

4.3.1. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардлагатай баримт материалыг тоон хэлбэрт шилжүүлэн цахим мэдээллийн нэгдсэн сан /цахим архив/-г үүсгэнэ.

4.3.2 Архивын баримт, хадгаламжийн санг хамгаалах зорилгоор зориулалтын байр барьж ашиглалтад оруулна.

4.3.3 Дүүргийн дэргэдэх хөмрөг үүсгэгч байгууллагуудын албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, архив албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллана.

 ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Ногоон байгууламж

5.1. Агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ.

5.1.1. Хотын стандарт, норм, дүрэмд нийцүүлэн тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлж, бичил цэцэрлэг, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх, амарч зугаалах тав тухтай орчныг бүрдүүлэх тохижилт бүхий тоглоомын талбай, соёл амралтын хүрээлэн байгуулна.

5.1.2. “Нэг иргэн-Нэг мод” аяныг зохион байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарих, эко орчныг бүрдүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллана.

5.1.3. Хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.1.4. Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, бохир цуглуулж, тээвэрлэх байгальд ээлтэй аргаар устгах арга технологийг нэвтрүүлэн хөрсний бохирдлыг бууруулна.

5.1.5. Ойн, голын, усан сан бүхий газрын, үер, цэвэрлэх байгууламж, өндөр хүчдэлийн, түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүс болон төлөвлөж буй экологийн коридорт орсон, хотын суурьшлын бүсийн гадна байгаа суурьшлыг чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх ажлын зохион байгуулна.

5.1.6. Дүүргийн хог тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулж хоггүй дүүрэг болно.

5.1.7. “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

5.1.8. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах хороодод сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт тавьж ажиллана.

5.1.9. Д.Сүхбаатар жанжны гэрийн буурин дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

5.1.10. Агаарын бохирдлыг бууруулахад  иргэдийн санал санаачилгыг дэмжин байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэд техник технологи, инноваци нэвтрүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллана.

5.1.11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн талбайг үе шаттайгаар нөхөн сэргээж, сөрөг нөлөөллийг бууруулна.

 ЗУРГАА. НИЙСЛЭЛ БА БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 Дүүргийн хөгжил

6.1. Нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулж, дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

6.1.1. “Шархад” дэд төв шинээр байгуулж иргэд, олон нийтэд үзүүлэх нийгмийн болон төрийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэн хотын хэт төвлөрлийг багасгана.

6.1.2. Дүүрэгт “Жишиг хороод”-ыг бий болгож, “Нэг хашаа-Нэг стандарт”, хаягжилт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам, талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлнэ.

6.1.3. Гэр болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлэг, явган зам, авто зам, дугуйн замыг стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

6.1.4. Гэр хорооллын гудамж дундах шороон замыг хусаж тэгшлэх ажлыг үргэлжлүүлнэ.

6.1.5. Суурьшлын үсэд гэрэл цахилгаангүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, дээд шатны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

6.1.6. Иргэдийн шаардлага хангасан орон сууцад амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд хуучирсан орон сууцны барилга байгууламжийг засаж сайжруулах дулаан алдагдлыг багасгах ажлыг иргэд, сууц өмчлөгчдийн холбоотой хамтран зохион байгуулна.

6.1.7. Дүүргийн нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжид ангилал тогтоох журмын дагуу, хяналт шалгалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

6.1.8. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай  орон сууцыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг  дэмжин холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

6.1.9. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдэд боломжийн өртөгтэй орон сууцтай болох ажлыг дэмжиж холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

6.1.10. Дүүргийн кадастрын мэдээллийн санд суурилсан газар олгох, барилга барих үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй болгоно.

6.2 Инженерийн бэлтгэл дэд бүтцийг сайжруулна.

6.2.1. Голын эргийн хамгаалалт болоод үерийн хамгаалалтын далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах, хөрсний усны шугам сүлжээг шинээр болон өргөтгөн шинэчлэн барьж байгуулан иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, амьдрах орчинг сайжруулна.

6.2.2. Гол болон үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтооход дэмжлэг үзүүлэх, тус бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг нүүлгэн шилжүүлж, хамгаалалтын бүсийн газрыг албажуулахад хамтран ажиллана.

6.2.3. Улиастай голын эргийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна.

6.3. Ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, усны алдагдлыг бууруулна.

6.3.1. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаягдал усаа цэвэршүүлэн дахин ашиглах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

6.3.2. Хүн амын ундны усны хүртээмжийг дээшлүүлж, худгийн тоог нэмэгдүүлж одоо байгаа худгуудыг ухаалаг худаг болгож айл өрхүүдийг ундны баталгаатай эх үүсвэрээр хангана.

6.3.3. Хужирбуланд шинээр усан сан, инженерийн шугам сүлжээ барьж байгуулна.

6.3.4. Ундны усны эх үүсвэрийн гүний худгаас ус ашиглагчид холбогдох хуулийн хүрээнд ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгож тоолуургүй айл өрх, аж ахуйн нэгжийг тоолууржуулж усны бодит хэрэглээг тооцно.

6.3.5. Усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж болон шугам сүлжээ барилга байгууламжийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

—oOo—