2024 10 сар 10
|    Утас:  51-263140
Шинэ мэдээ

Э.БАТ-АМГАЛАН: АЖИЛЛАЖ БАЙГАА ҮЕДЭЭ ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ, АМЖИЛТ ДАГУУЛАХ НЬ МИНИЙ ЗАРЧИМ

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороон дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа.

-МЕТРО БАЙНА УУ, LRT БАЙНА УУ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОГТОЛЦООНД ТОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ НЬ ИРСЭН-

-Энэ удаагийн парламент Улаанбаатар хот, нийслэлчүүдийн төлөө хийж хэрэгжүүлсэн хамгийн бодит, томоохон ажил бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан гэж харж байна. Энэ ажилд манлайлан ажилласан гишүүний хувьд энэ хуульд өөрчлөлт оруулснаараа нөхцөл байдлыг хэрхэн дээрдүүлэх талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо…

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 29 жилийн өмнө батлагдаж, энэ хугацаанд дорвитой суурь өөрчлөлт хийж чадаагүй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж, Засаг даргын үүрэг, оролцоо, хэм хэмжээ, төсөв санхүүгийн бололцоо, хүн амын суурьшил, нягтаршил, эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулшгүй өөр байсан. Тэр үеийн эрх зүйн суурь зохицуулалтаар өнөөгийн Улаанбаатар хотыг зохицуулна гэдэг хэцүү. Энэ хууль анх батлагдсанаас хойш 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг шинэчлэн баталсан нь том дэвшил, ололт. Энэ бол нийслэлийн 1.5 сая иргэнд нийгмийн томоохон суурь дэмжлэгийг бий болгоно. Үүнийг дагаад төсвийн реформ, татварын бие даасан эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна олон мянган ажлын байр бий болно гэж харж байна.  

Нийслэлийн Засаг дарга Засгийн газарт асуудлаа оруулдаггүй, аль нэг яамаар дамжуулж асуудлаа оруулдаг байсан. Хотынхоо асуудлыг Хотын дарга нь УИХ-д танилцуулахгүй болохоор бүх зүйл хэвийн, болж байгаа мэт ойлгогддог. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын олонх нь нийслэлд байна. Гэтэл энэ хүмүүсийнхээ цалинг нэмж чаддаггүй. Энэ мэт олон асуудлыг зохицуулсан эрх зүйн чадамжийг бий болгож байгаа нь тус хуулийн гол онцлог. Тухайлбал, яамд Засгийн газрын хуралдаанаар хоттой холбоотой асуудлыг хэлэлцүүлэх бол заавал Хотын даргаас санал авч орох зохицуулалт орсон.

Хоёрдугаарт, Хотын дарга өөрөө асуудлаа оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг болсон. Энэ бол Хотын дарга саналын эрхтэй болж байна гэсэн үг юм. 1.5 сая иргэний эрх ашгийн өмнөөс хот, нийтийн аж ахуй, нийгэм, эдийн засаг, төсөв, санхүү, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дуугарах боломжтой болсон. Энэ дутагдаад байсан учраас хот гэдэг их айл хаягдчихсан байсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарч, асуудлаа УИХ, Засгийн газарт танилцуулна.

Гуравдугаарт, газар чөлөөлөлтийг улс, нийслэлийн төсвөөр хийхээр болсон. Өмнө нь энэ талаар тодорхой зохицуулалт байдаггүй байсан. Иргэдэд нэн чухал шаардлагатай байгаа зам, гүүр, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн мөнгийг нь шийдээд, хотоос газар чөлөөлтөд мөнгө тавь гэдэг. Гэтэл хотод мөнгө байдаггүй. Нөгөө бүтээн байгуулалтын мөнгөө Сангийн яам буцаагаад татдаг. УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот уялдаа холбоотой ажиллаж, улс, нийслэлийн мөнгөөр газар чөлөөлтийг хийх зохицуулалт орсон. Энэ бол маш том дэвшил.

Нийслэл Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй байна. Дүрмээ НИТХ-аар батлуулна. Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдтэйгээ хамтарч дүрмээ боловсруулна. 27 жилийн дараа шинэчлэн баталж байгаа энэ хууль Улаанбаатар хотод цоо шинэ эрх зүйн боломж, хөгжлийн суурийг бий болгож байгаа. Тэгэхээр нийслэл хотоо сайхан болгохын төлөө цаашид хотын иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллана.

Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь “Оюу толгой” компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан.

-Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдээ нэгтгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог байгуулаад ажиллаж байгаа. Та бүхний дуу нэгтэй зүтгэсэн асуудал бол LRT буюу хөнгөн тулгуурт галт тэрэг барьж замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх байсан. Гэтэл одоо метро барихаар боллоо гэх. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэгдэж байгуулсан. Түр хороо Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт” бодлого, Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоог бэхжүүлэх, хотын өмнө тулгамдсан агаарын бохирдол, түгжрэлийг шийдвэрлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа.

Бидний хийж хэрэгжүүлэхээр, бодлого шийдвэрийг нь тодорхойлохоор ажиллаж байгаа чухал асуудал бол түгжрэл. Цаашид нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна.

Дэлхийн том хотуудын жишгийг харвал 3 саяас дээш хүнтэй хотод метро тохиромжтой гэж үзээд барьж байгуулсан байдаг. Метро бол ирээдүйгээ харсан маш том бүтээн байгуулалт болно. Одоогийн байдлаар 2008 оноос хойш үе үеийн хотын дарга нарын шүүгээнд тоосонд дараатай байдаг байсан метроны төслүүд ЖАЙКА олон улсын байгууллага дээр нэгтгэгдээд, шинэчлэгдээд ажил хэрэг болоод эхэлсэн.

Нийтийн тээврийн төсөл арилжааны төсөл биш гэдгийг энд онцолъё. Ямар ч улс оронд нийтийн тээврийн төсөл арилжааны төсөлд ордоггүй. Тиймээс энэхүү төсөл нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор метро их зардал орно, ашгаа яаж нөхөх үү, улсын төсөв, гадаадын зээл санхүүжилтээр хийгээд иргэд эргээд өр зээлэнд орно гэдэг байдлаар асуудалд эмзэг хандаж байгаа. Яг бодит байдал дээрээ бол тийм зүйл болохгүй. Метро, LRT аль нэг нь хийгдэж дуусах л юм бол Улаанбаатарчуудад ажлын байраас эхлээд, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх маш том боломжийг олгоно. Хотын түгжрээ ихтэй замын маршрутаар зорчдог иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрөөж байгаа. Үүнийг жилд дундажлаад тооцвол, иргэн 35 хоногийг машин дотроо өнгөрөөж байна. Дундаж наслалт 72 гэж тооцвол түүнийхээ 6.5 жилийн түгжрэлд өнгөрөөхөөр харагдаж байгаа юм.

Дээрээс нь хөдөлмөрийн бүтээмжийг харах нь зүйтэй. Нэг хүн 2.5 цагт 20,400 төгрөгийн бүтээмж алдаж байна гэсэн үг. Энэ маршрутын дагуу хувийн машин болоод нийтийн тээврээр зорчигчдын тоогоор үржүүлбэл, жилд 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн тооцоо гарсан. Автомашины түгжрэлд зогсохдоо шатааж буй шатахууныг 2.5 мотортой машинаар дундажлаад тооцвол 3.46 литр бензин зарцуулж байгаа. Энэ нь 8400 төгрөг, жилийн турш 440 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч буй юм. Жилд гурван их наяд гаруй төгрөгийн бодит хохирлоос гадна хүмүүсийн бухимдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар бий гэсэн судалгаа гарсан. Тиймээс үүнийг зориглоод хийх нь чухал.

Хэрэв Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлаагүй бол одоогийн хотын даргын шүүгээнд ч метро, LRT төсөл тоосонд дарагдаастай байх байсан биз. Тийм учраас би метро байна уу, LRT байна уу энэ Улаанбаатар хотод заавал багтаамж ихтэй нийтийн тээвэр байх ёстой гэдэг зарчмын байр суурин дээр байдаг. Үүнээс болж зарим нэг гишүүнтэй хүртэл чуулганы үеэр ам мурийж байсныг мэдэх байх.

-ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНААС ХОЙШ 30 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРАА Л ГЭМТ ХЭРЭГ, МАРГААНЫ УЛМААС ХОХИРСОН ИРГЭД СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ ХЭРХЭН, ЯАЖ ТООЦУУЛЖ АВАХ ВЭ ГЭХ АСУУДЛЫГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ХУУЛЬЧИЛЖ ӨГСӨН-

-2022 оны төгсгөлд таны ажлын хэсгийг нь ахалсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байна. Энэ хуулийг шинэчлэн найруулах үндэслэл нь юу байсан бэ?

-Шүүхийн шинжилгээний тухай хууль нь 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан байсан. Эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх, түүнд криминалистик, шүүх эмнэлэг, санхүү, эдийн засгийн зэрэг шүүх шинжилгээ хийж шүүхийн шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг гаргах, шүүх шинжилгээний байгууллага, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоосон харилцааг зохицуулсан. Энэ хууль 2009 онд хууль батлагдсанаас цагаас хойш 5 удаа 40 гаруй зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Үүнтэй холбогдуулан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага хоорондын чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинээр авч үзэх шаардлага гарсан. Тиймээс процессын хуулиудад нийцүүлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага тулгарсан. Мөн нийгмийн хөгжлийг даган инженер техник, хүрээлэн байгаа орчин орчин, цахим технологи болон нийгэм, хууль зүйн салбарт тулгамдаж буй сэтгэл санааны хямрал буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоох шинжилгээ гэх мэт зарим тусгай мэдлэг шаардагдах онцлог шинжилгээг хэрхэн хийх талаарх зохицуулалт хуульд тодорхой бус байсан зэрэг нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл болсон. Байгуулагдаад 80 гаруй жилийн баялаг түүхтэй Шүүх шинжилгээний байгууллагыг ч шинэчлэн байгуулах шаардлагатай болсон. Монгол Улсын хэмжээнд аймгуудад тодорхой хэмжээнд шүүх шинжилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Боловсон хүчин, санхүүгийн бэрхшээл их. Иймээс Шүүх шинжилгээний Ерөнхий газар улсын хэмжээнд бүсчилж ажиллая гэх төлөвлөгөөг эхний ээлжид тусгасан.

-Шүүх шинжилгээний тухай хуульд 2009 оноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон гэлээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар сэтгэл санааны хохирлыг тооцох заалтууд орсон нь хамгийн чухал гэж харагдсан. Хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2009 оноос хойш энэ хуульд 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин энэ удаа анх шинэчилсэн найруулга орж байгаа юм. Тухайн хуулийн 50-аас дээш хувьд нь өөрчлөлт орж байгаа үед шинэчилсэн найруулга гэж үздэг. Энэ дундаа шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 гаруй жилийн дараа л гэмт хэрэг маргааны улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлыг хэрхэн, яаж тооцуулж авах вэ гэх асуудлыг тодорхой хэмжээнд хуульчилж өгсөн.

Энгийнээр хэлэхэд, иргэд сэтгэл санааны хохирол гэж ярьдаг. Хуульд сэтгэцэд учирсан хор хохирол гэж шигтгэж өгсөн. Олон улсын хэллэгээрээ ч, анагаах ухааны нэршлээрээ ч тэр сэтгэл санааны хохирол гэдэг нь сэтгэцэд учирсан хор хохирол гэдгийн нэг л бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзсэн байдаг. Яагаад гэвэл, олон улсын практикт сэтгэл санааны хохирлыг аргачлалын хувьд хүнд, хөнгөн, хүндэвтэр хэмээн үнэлсэн байдаг. Энэхүү аргачлалыг дагаж мөрдөхийн тулд хуульд тусгайлан зааж өгсөн. Энэ дотроо гэмт хэргийн улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлоо хуульд заасан аргачлалын дагуу Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүхээр нэхэмжлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Олон улсын практикт янз бүрийн аргачлал байдаг юм билээ. Тухайн орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн түвшин, ДНБ, хөгжлийнхөө загварчлалаар өөр өөр гэсэн үг.

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад бол нөхөн олговрыг хэмжээг гурван аргачлалаар тооцож оруулсан юм билээ. Эдгээр аргачлалыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Анх удаа энэхүү аргачлалыг гаргаж байгаа. Мэдээж гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэн, түүний ар гэрт олгох нөхөн олговрыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ийм л үйл ажиллагаа. Үүнд үндсэн гурван аргачлал орж ирсэн. Нэгдүгээрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу хамгийн бага суурь үнэлгээ нь 82 сая төгрөг байхаар тогтсон.

Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас амиа алдаж буй иргэдийн зарим тохиолдолд насны хувьд залуухан байхыг үгүйсгэхгүй. Энэ үүднээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа дундаж наслалтыг тооцож авч үзсэн. Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 орчим, эмэгтэйчүүдийн 75 орчим байна. Дундажлан авч үзвэл, 72 гэсэн нас гарч ирж байгаа юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал, 22 настай иргэн амь насаа алдсан байвал 50 жил хөдөлмөрлөх боломж бололцоотой байсан гэж тооцоход 127-128 орчим сая төгрөг гарч ирж байна. Дараагийн аргачлал бол, гэмт хэргийн улмаас өнчирч үлдсэн хохирогчийн үр хүүхэд, ар гэрт энэхүү аргачлалыг 127-128 сая төгрөгийг 2 дахин нугалах буюу 260-270 сая төгрөгөөр нөхөн олгохоор оруулсан.

-Нөхөн олговрын хэмжээг шүүхийн шатанд нэмэгдүүлэх боломжтой юу?

-Хохирогч, түүний ар гэр өөрийн боломж бололцоотой асуудлаа шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд сайн гаргаж чадвал шүүх нөхөн олговрыг тооцож гаргахаар байгаа. Тиймээс нотлох баримтаа хангалттай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Шүүх шинжилгээний тухай шинэ хуульд эхний ээлжид эрүүгийн 85 төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс нөхөн олговор нэхэмжлэх аргачлалыг оруулж өгсөн.

-Нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал их үүсэж, олон нийтийн хардлагыг төрүүлэх болсон. Шүүх шинжээчийн хариуцлага талаас ямар заалт орж ирсэн бэ?

-Тухайлсан шинжээчийн хувьд хоёр гол заалт орж ирсэн. Нэгдүгээрт, тухайн шинжээч хараат бусаар ажил үүргээ явуулах боломж бололцоотой болж байгаа. Энэ нь тусгайлсан программаар санамсаргүй тохиолдлоор уг хэргүүд шинжээчид хуваарилагдах зарчмаар оруулсан. Хоёрдугаарт, олон нийтэд ил болсон хэргүүдийг шүүх прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шинжээч нар өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таниулах мэдээлэх заалтууд орж ирсэн.

-АНХАН ШАТНААС НЬ ЭХЭЛЖ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧРААС ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ МАШ САЙН МЭДНЭ-

-Баянзүрх дүүргээс өмнөх сонгуулийн жилүүдэд дүүрэгт нэг нам, нийслэлд өөр нам, УИХ-д бие даагч сонгогдсоноос хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаараа ч хоцрогдсон дүүрэг байсан. Харин 2020 оны сонгуулиар бүх шатанд МАН иргэдийн итгэлийг хүлээснээрээ хоцрогдсон бүгдийг нөхөх том даалгавар авсан. Шат шатандаа уялдаа холбоотой байх, хүчээ нэг цэгт зангидах амаргүй үе. Ийм үед ямар зарчмаар ажиллаж байна вэ?

-Төрийн дээд, дунд, доод шат гэлтгүй бид иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ганц л том зорилготой. Ажиллаж байгаа үедээ аль болох түүхийг бүтээж, амжилт дагуулах хэрэгтэй. Харин хийж дууссан үедээ ирээдүй хойч үедээ залгамж халаагаа хүлээлгэж өгөөд зөв замаар явах ёстой гэж боддог. Миний хувьд Баянзүрх дүүрэгт төрж өсөөд, ажиллаж амьдраад явж байгаа. ДИТХ-д хоёр удаа, НИТХ-ын Төлөөлөгчөөр нэг удаа сонгогдож байсан. Улмаар 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Анхан шатнаас нь эхлэн ажиллаж байгаа учраас иргэдийн амьдрал, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, Баянзүрх дүүрэгт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил юу вэ гэдгийг маш сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглалыг том зургаар нь харж байна. Баянзүрх дүүрэг Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүрэг. Тэр ч утгаараа дүүргийн асуудал бол Нийслэлийн асуудал.

-Баянзүрх дүүргийг хөгжүүлэх хөгжлийн бодлогыг санаачлан боловсруулсан гэж сонссон. Тэгэхээр дүүргийн өмнө тулгамдаж буй олон асуудал энэхүү бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлснээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Баянзүрх дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг санаачлан боловсруулсан. Хийх шаардлагатай зүйл их ч төсөв хөрөнгө хэмжээ хязгаартай. Хороо бүрээс дүүрэг, нийслэлийн төлөөлөгч сонгогддог. Одоогоор УИХ-ын 5 гишүүнтэй. Хүн бүр өөрийн хороондоо л юм хийхийг зорино. Аль хөөцөлдөж чадсан нь төсвөө тавиулаад явна. Ингэхээр төлөвлөгөөгүй, оновчгүй хөрөнгө оруулалтууд хийгдсээр ирсэн. “Хөгжлийн зураглал 2030”-ыг боловсруулснаараа цаашид төсвийн хөрөнгө болон гадаадын хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөтэй зарцуулж, дүүргээ хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Улс орны хөгжлийг бүтээн байгуулалт, эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмжих нь зохисгүй. Боловсролтой, эрүүл хүн улсын гол баялаг, хөгжлийн хүч. Тийм ч учраас нэн түрүүнд хүний хөгжилд хийх зорилтуудаа тодорхойлж, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл гэсэн гурван үндсэн концепцод тулгуурласан. Иргэдийн хурал, эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг хоёр жилийн хугацаанд төрийн байгууллага, иргэдийн 100 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулж баталсан. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн иргэд юу хүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэн шинжлэх ухаанчаар боловсруулсан. Тиймдээ ч “Хөгжлийн зураглал 2030” нь ирэх 10 жилийн хугацаанд засгийн эрх хэнд байхаас үл хамааран хэрэгжих дүүргийн хөгжлийн бодлогын гол суурь нь болно гэдэгт итгэлтэй байна. Бие даасан эдийн засагтай, гаднаас хөрөнгө оруулалт татдаг, хөгжлийн баримжаагаа тодорхойлсон нь бидний хамгийн чухал амжилт.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргээс цагдаагийн албан хэрэгцээнд 10 машин, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа

Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер,...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн бэлгэдэл бяцхан Гүег БНСУ-д томилолтоор ажиллаж байна

Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бяцхан “Гүег” Бүгд Найрамдах Солонгос...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...

Үйл явдалШинэ мэдээ

Авто замын бутарч унасан бродюрыг солих асуудлаар гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу авто замын зарим төслүүдэд ажиллах үеэр...