Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, 180 хөтөлбөрийн хэрэгжилт, хөрсний ус болон халиа дошин үүссэн нөхцөл байдал, хаврын их цэвэрлэгээ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн.
Он гарсаар Баянзүрх дүүргийн 5 хорооны 20 байршилд хөрсний ус, халиа дошин үүсэж, шар усны үерт авсан гэх дуудлага мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ дагуу холбогдох албаныхан шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан. Мөн Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор 15 техник хэрэгслээр 894 удаагийн рейс хийж 16,092 тонн мөсийг зөөж тээвэрлэсэн. Цаашид шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 347 айл өрх байна. Иймд дүүрэг, орон нутгийн зүгээс эдгээр айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн шуурхай зөвлөгөөний үеэр хороодын Засаг дарга нарыг иргэдэд мэдээлэл өгч, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм.
Хаврын их цэвэрлэгээг “Нэг хот-Нэг гэр бүл” уриан дор зохион байгуулна. Орчны бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуй нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс энэ удаагийн цэвэрлэгээг хийхээр болсон юм. Мөн энэ үеэр хариуцсан хүүхдийн тоглоомын талбайн өнгийг сэргээх, эвдрэл гэмтлийг засварлах, шатсан гэрлүүдийг солих зэрэг ажлыг зохион байгуулна. Иймд их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулахыг мөн үүрэг болгосон.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхайн зөвлөгөөн энэ сарын 18-ний өдөр болсон. Энэ үеэр шар усны эрсдэлт бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилтийг хангаж ажиллахыг хороодын засаг дарга нараас хүслээ
Leave a comment