“One sky” олон улсын байгууллагатай хүүхдийн хөгжлийн чиглэлийн хамтын ажиллагаа болон “Хүүхэд харах төв”-ийг хамтран байгуулах явцын талаар санал солилцлоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “One sky” Олон Улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд 2020 оноос хойш хүүхдийн хөгжлийн чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлж байгаа.
Мөн тус байгууллагатай хамтран “Хүүхэд харах төв”-ийг байгуулахаар болсон. Энэ талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор Засаг дарга Г.Жаргалсайхан тус байгууллагын Гүйцэтгэх захирал Морган Ланс, Монгол дахь захирал Т.Мөнхтуул, Хөтөлбөр хариуцсан захирал Ц.Гэрэлтуяа, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан захирал А.Сүхбат, Хөтөлбөрийн менежер О.Одончимэг нарыг хүлээн авч уулзлаа.
“One sky” Олон Улсын Төрийн бус байгууллага нь АНУ-д төвтэй бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр БНХАУ, Хонг Конг, Вьетнам, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Манай дүүрэгт байрлах “Гэр бүлийн төв”-өөрөө дамжуулан бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Мөн чадварлаг багш нарыг бэлтгэж, жишиг болохуйц “Хүүхэд хөгжлийн тоглоомын төв”-ийг байгуулан ажиллуулж буй менежмент зэрэг дүүргийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх сайн туршлагуудыг нэвтрүүлэн ажиллуулж буй юм. Тиймээс “Хүүхэд харах төв”-ийг хамтран байгуулахаар зорин ажиллаж буйгаа Засаг дарга Г.Жаргалсайхан уулзалтын үеэр онцоллоо.


Leave a comment