Баянзүрх дүүргийн мянга гаруй эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд – Хөгжил – Хамгаалал” хөтөлбөрт хамрагдлаа
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн Баянзүрх дүүргийн салбар хороо шинэ оны босгон дээр эмэгтэйчүүдийн боловсрол, сэтгэлзүй, өөрийгөө хамгаалах чадварыг дэмжих зорилгоор “Эмэгтэйчүүд – Хөгжил – Хамгаалал” хөтөлбөрийн арга хэмжээг өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийн сэтгэлзүй, эрүүл мэнд, цаг үеийн өөрчлөлттэй уялдан нэмэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг таних, хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтуудыг явуулж, урлаг соёлын хөтөлбөрүүдийг мөн багтаав.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн хүн амын 48 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний оролцоо дүүргийн хөгжилд үнэтэй. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх бодлогоор таван хороонд хүүхдийн парк байгуулж, гурван байршилд гэрэлтүүлэг сайжруулах ажлыг эхлүүлээд байна. Мөн шинэ сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 2020–2024 онд 45 байршилд хийсэн камержуулалтыг энэ онд нэмж 200 байршилд байрлуулахаар ажиллаж байна. Камерын хяналтын үр дүнд гэмт хэрэг илрүүлэх хувь 70 хувиас давсан нь бодит ахиц юм” хэмээлээ.











Leave a comment