“Гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн төслийн асуудлаар хэлэлцлээ
Тодруулбал Баянзүрх дүүргийн гэр бүлийн боловсрол олгох төслийн ажлын хэсэг зөвлөлдөж, төслийн танилцуулгыг хэлэлцэн, санал хүсэлтийг тусгав.
Уг төслийн гол зорилго нь Монгол Улсын гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг Баянзүрх дүүрэгт үр дүнтэй хэрэгжүүлэх, эцэг эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгож, эрүүл, тогтвортой, эерэг харилцаатай гэр бүлийг төлөвшүүлэхэд салбар дундын оролцоог хангахад оршино.
Мөн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хариуцлагатай эцэг эх, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохыг зорьж байна.
Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн зөрчил өмнөх онуудаас буурсан үзүүлэлт гарсан ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл төдийлөн буураагүй тул уг төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай юм.
Тус хөтөлбөр нь Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 15 хороонд хэрэгжих бөгөөд дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв болон Эрүүл мэндийн төвтэй мөн хамтран зохион байгуулна.
Авах арга хэмжээний хүрээнд:
– Гэр бүлийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, үйлчилгээ хүргэх хүний нөөцийг чадваржуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх
– Сургууль, цэцэрлэгт суурилсан эцэг эхийн сургалтыг хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх
– Зорилтот гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, дэмжлэгийг өргөжүүлж, өрхийн амьжиргааг сайжруулах боломжуудыг судлан хэрэгжүүлэх
Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийлэл, салалт, архидалт зэрэг сөрөг үзэгдэл буурч, гэр бүл, хүүхдийн хамгааллын бодлого, эрх зүйн хэрэгжилт сайжрах төлөвтэй байна.
Мөн зорилтот бүлгийн гэр бүлд үзүүлэх бодлого, үйлчилгээ нэмэгдэж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдол өгөн ажиллаж байна.






Leave a comment