Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн 3, 27-р хороо 2021 онп дэвшүүлсэн зорилт, хийж хэрэгжүүлэх ажлаа тайлагнасан. Тухайлбал Баянзүрх дүүргийн 3-р хороо “Сайхан харилцаа хамтын ажиллагаа” уриалгыг дэвшүүлж, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран тохижилт, хог хаягдлын менежментийн ажлыг хийх төлөвлөгөө боловсруулсан байна. Баянзүрх дүүргийн 27-р хороо сургууль, цэцэрлэгийн орчин дахь гудамж, талбайг Жишиг гудамж болгон тохижуулах, явган хүний замыг шинээр байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, камержуулалт шинээр тавихаар 2022 онд хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгасан байна.

Хороодын танилцуулга мэдээллийн дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас 2021 оны тайлан, 2022 оны эхний хоёр сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл хүргэсэн. Мөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлага мэдээлэл, шалтгаан нөхцөлийн талаарх танилцууллаа.

Баянзүрх дүүргээс хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид тодорхой ажил зохион байгуулан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлсэн. Үүнд

– “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” зөвлөгөөнд аж ахуй нэгж, иргэдийг оролцуулах, мод тарих санаачилгад иргэдийг уриалах

– Шар усны үер болон хаврын хуурайшилттай холбоотойгоор ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх

– Гамшгаас хамгаалах, газар хөдлөлтийн гамшгийн үед авах арга хэмжээтэй холбоотой хоёр өдөр үргэлжлэх сургуулилтын бэлтгэл ажлыг хангах зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өгсөн юм.

Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 14 хоногт нэг удаа хуралдаж, өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, иргэдийн санал хүсэлтийг танилцуулж, арга хэмжээ авдаг гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.