Цагаан давааны хогийн цэг орчмын хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний ажлыг эхлүүллээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн орчимд амьдарч буй хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний ажлыг эхлүүлж байна. Тус ажлын зорилго нь хогийн цэгт ажиллаж, амьдарч буй зорилтот бүлгийн иргэдийг төрийн болон нийгмийн суурь үйлчилгээнд бүрэн хамруулах, хүүхдийн эрхийг хамгаалж, амьдралын чанарыг сайжруулахад оршиж байна.
Тус ажлын хүрээнд оршин суугаа бүх өрх, иргэдийг өрхийн мэдээллийн санд бүртгэж, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, боловсролын үйлчилгээнд хамруулах, сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэн сургалтад хамруулах, хичээлийн хэрэгслээр дэмжих зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Мөн эрүүл мэндийн үзлэг, сэргээн засах болон донтолтын эсрэг үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн насны иргэдийг ажилд зуучлах, мэргэжлийн сургалт болон бичил зээлд хамруулах замаар орлого, амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна.
























Leave a comment